Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ИТХ

ГОВЬ-УГТААЛ СУМ

2017-02-17

    Говь-Угтаал сум нь Сэцэн хан аймгийн Боржигон Сэцэн вангийн хошууны Тавнангууд болон Их догшин сумдад харьяалагдаж байгаад 1923 оны 9 дүгээр сард Сэцэн хан аймгийн Хан Хэнтий уулын аймаг хэмээн нэрлэж хошуудыг Оцол сансар уулын хошуу гэж нэрлэгдэх болжээ. Харин 1924 онд Боржигон Сэцэн вангийн хошууны “Их угтаал”,”Цац Даш-Яйчил”, “Дашнамжил” зэрэг дөрвөн жижиг сумыг нэгтгэн одоогийн Говь-Угтаал  сумыг Хойд номгоны  ард”Ламирамын шанд” гэдэг газар байгуулжээ. Харин 1932 оны 5 дугаар сард Бага-Угтаал уулын энгэрт Хажуу шинэ ус гэдэг газар, хол ойрын харваачид жил бүр цугларч шагай харвадаг Дураалын жасын зүүхэн хойд талын соргог дэнжид төвлөрүүлжээ.

Хошуудыг халж, аймгийг олшруулж, эдийн засгийн талаар аймаглах хуулийг Засгийн газраас 1931 онд гаргасны дагуу тус сумыг Төв аймагт харьяалуулж байжээ. Говь-Угтаал гэж нэрлэсний учир нь говь, тал хээр хосолсон нутгаар нь Төв аймгийн  хоёр Угтаал сумыг ялгахын тулд ийнхүү нэрлэж байжээ.

1924 онд 200 гаруй өрхтэй 40.000 малтай 6 багтай сум байгуулагдахад анхны даргаар нь Д. Жамъянхорлоо гэдэг хүн сонгогдож байсан ба 1930 онд МАХН-ын үүр байгуулагдаж даргаар нь Б.Шаашинг сонгож байв. Тус суманд 1926 онд Харилцан туслалцах хоршоо, 1937 онд Сайн дурын бага сургууль, мал эмнэлэг, 1938 онд Хүн эмнэлгийн салбар нээгдэж  анхны эмчээр нь Ц. Даш гэдэг хүн ажиллаж байжээ. 

Говь-Угтаал сум нь 1942 онд Дундговь аймаг байгуулагдахад Төв аймгаас тасарч бүрэлдэхүүнд нь оржээ. 

1956 онд 17 өрх 30 гаруй хүнтэй 2020 толгой малтайгаар “ Говийн өрнөлт” нэгдлийг анх байгуулж Ж.Дамбийням анхны даргаар нь ажиллаж байсан ба 1959 онд сумаараа нэгдэлжих хөдөлгөөнд хамрагдсан байна. Тус сумаас 1921 оны Ардын хувьсгалын партизан Д.Мөрдэлэг, хурандаа Л.Дарьзав, Цэргийн зүтгэлтэн хурандаа Т.Батхишигт, Цагдаагийн хурандаа Н.Батхуяг, БНМАУ-ын аварга малчин С.Аюур, Улсын сайн малчин Н.Баатар, Д.Өлзийбүрэн, В.Нямдорж, Б.Сүрэндаваа, Н.Жаргалсайхан,Б.Нямсүрэн, Монгол улсын алдарт уяач О.Шаравжамц, Н.Баярсайхан, Ж.Түвдэн, Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Сонинбаяр, Хүний гавьяат эмч Т.Жагай, Д.Данзансамбуу,сурган хүмүүжүүлэх ухааны доктор Г.Эрдэнэ-Очир, Техникийн ухааны доктор Л.Дарамбазар, ургамал судлалын ухааны доктор  Ж.Намжилсүрэн, яруу найрагч, болор цомын эзэн  Б.Доржпалам,  яруу найрагч Ц.Төмөрбаатар, нэрт уртын дууч Т. Цэнджав, жүжигчин Ш.Цэцэгээ нарын олон арван алдартнууд төрөн гарсан билээ. 

Сумын байршил, газар нутаг: Говь-Угтаал сумын нутаг нь  монгол орны тал хээрийн бүсэд хамаарах бөгөөд 270 мянган га нутаг дэвсгэртэй хойд талаараа өөрийн аймгийн Дэрэн, Цагаандэлгэр, талаараа Гурвансайхан, Баянжаргалан сумдтай хил залган оршдог. Говь-Угтаал сумын төв-Хажуу шинэ ус нь Улаанбаатар хотоос 260 км, Говьсүмбэр аймгийн төв-Чойроос  86 км, Мандалговиос 110 км зайд оршдог.

Газрын гадарга: Монгол орны тал хээрийн бүсэд хамаарагдах бөгөөд,элстэй чулуурхаг хүрэн хужир мараат хөрстэй,  дов толгод, тал говирхог хөндий ихтэй далайн төвшнөөс 1450-1705 метр өндөр өргөгдсөн өндөрлөг уул толгодтой.

Цаг уур: Хур тунадас багатай эрс тэс уур амьсгалтай, агаарын дундаж температур 2,1 хэм, хамгийн хүйтэн 1-р сард -36.2 хэм, хамгийн халуун нь 7 сард +36.1 хэм хүрдэг. Жилд дунджаар 157.8 мм тунадас орох  бөгөөд үүний 7-8 хувь нь 6,7,8 дугаар саруудад унадаг. Салхины хүч зарим үед 17-20 м хүрдэг .

Гадаргын ус гол горхи, нуур, худаг ус: Бор, Шат, Даравгай, Гурвандэлгэрийн зэрэг тойром, бүрд, нуур, Баянбулагийн рашаанаас гадна Сүмбэрийн булаг, Дунд булаг, Могойн булаг, Тал булаг гэх мэт булаг шанд урсгал устай.

Ан амьтан, өвс ургамал: Аргаль янгир,  тарвага, зурам, цагаан зээр, хар сүүлт, үнэг, чоно, шилүүс, хярс, дорго, мануул өмхий хүрэн зэрэг араатан амьтнаас гадна тас, бүргэд, харцага, ногтруу, сар, шар шувуу, шонхор, тогоруу, тоодог зэрэг жигүүртэн  шувууд бий. Манай нутгийн ихэнх бэлчээрт таана, хөмүүл ,хялгана, бударгана, бут дэрс, агь, зээргэнэ, суль, хазаар өвс, хиаг, ерхөг  зэрэг ургамал голлон ургадаг.

Ашигт малтмалын нөөц: Манай нутаг болор, гартаам, хаш, мана зэрэг эрдэнийн чулуу, чулуун нүүрс, цагаан тугалга, жонш, өнгийн зос, шохой, төмрийн  хүдэр, цайр, цахиур, зэсийн хүдэр зэрэг байгалийн баялаг ашигт малтмалын нөөцтэй.

 

Түүхийн дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газрууд: Их газрын чулуу, Их, бага Угтаал, Ерлөг, Баянзүрх,  Хараат, Их, бага залаагийн уул, Бичигтийн хад, Хонгор дулааны уул, Залаа зэрэг байгалийн үзэсгэлэнт өндөрлөг газруудтай.

 Их газрын чулууны өмнө орших сүмбэр овооноос Богдын тамганы хаш чулууг авсан түүхтэй. Их Угтаал уулын урд дор Жарангийн хонхор -Чингис хааны унаганы зэл байсан газар гэх, Угтаал уулын өвөрт орших Ерлөгийн шийр, Өндөр шийр уулыг Чингисийн гүүн зэлний муна байсан, мөн уулын баруун урд өвөрт орших Баянзүрх хайрханы оройг Чингис хааны дүү Хавт Хасар нум сумаар  сэт харваж оройг нь сэтэлсэн гэх домог ам дамжин ярилцсаар ирсэн түүхтэй.

Эдийн засгийн салбарын хөгжил: Сумын эдийн засгийн голлох салбар нь мал аж ахуй бөгөөд тус сум 2016 оны эцэст 166403  мянган толгой мал тоолуулсан. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%